Tuesday, April 5, 2011

Гоёл 2011

Монголын загварын тайзыг чимж явдаг гоо бүсгүйчүүд хувцас загварын хүрээний урдаа барьдаг “Гоёл” наадмын тайзнаа ширүүн өрсөлдөөн өрнүүлнэ. Хэдийгээр араасаа элдэв хэл ам дагуулах нь их ч энэ наадам хүссэн, хүсээгүй Монголын загварын ертөнц амьд байгааг сануулдаг цорын ганц тайз юм. Хорь гаруй жил сайн, муугаараа хэлүүлж байгаа “Гоёл” наадам эмнэлгийн угаагч байсан эгэл жирийн охиныг Монголын загварын ертөнцийн мөнхийн залуу хатагтай болгон хувиргасан нь топ модель Э.Одгэрэл. Эхлээд Монголд, дараа нь Азийн топоор өргөмжлөгдсөн Д.Болормаагийн амжилт, түүний өвөрмөц дүр төрх, карьер бусад зуу зуун бүсгүйчүүдийн адил “Гоёл”-оос шууд хамааралтай.
Германд суурьшин, загварын чиглэлээр багшилж байгаа мисс О.Оюунтуяа, Сингапурын загварын агентлагт уригдсан топ модель Д.Болормаагийн дүү Д.Энхсүрэн, Австралийн телевизийн шоуг гоёж яваа Г.Одончимэг, Солонгосын алдарт загвар зохион бүтээгч Андрей Кимийн үзэсгэлэнт хатагтай нарын нэг Г.Алимаа гээд монгол охид хил хязгаар туулан, дэлхийн загварын агентлаг, гоо сайхны ертөнцөд хүлээн зөвшөөрөгдөх болсон нь ч “Гоёл” наадмын бахархал юм.
Энэ удаагийн “Гоёл 2011” наадамд 250 хүнээс шилж сонгосон 50 загвар өмсөгч оролцох юм байна. Хоёр сарын турш “Гоёл”-д бэлтгэсэн бүсгүйчүүдийн тал хувь нь “шинэхэн” загвар өмсөгчид байх бололтой.
“Гоёл”-оос төрсөн 11 топ модель байдаг. Тэдний хамгийн отгон нь болох Ч.Уранбилэгээс загварын хүрээнийхэн яахын аргагүй тэсрэлт, өөрчлөлт хүлээж байгаа. Бүтэн жилийн турш загварын шоуны урилгад дарагдаж, өдөр ирэх тусам өнгө зүс нь улам гэрэлтэх болсон топ модель Х.Ундраа, Ч.Туяацэцэг, Г.Уранцэцэг, Д.Пүрэвсүрэн нар “Гоёл”-ын бэлтгэлдээ орсон сурагтай. Өмнөд Солонгост суралцаж байгаа “Азийн хатан хаан” өргөмжлөлт Г.Оюунгэрэл дахиад л энэ наадмын гол дүрийн нэг байх нь тодорхой. Сүүлийн хоёр ч удаагийн “Гоёл”-оос топ модель болох боломжоо алдсан түүнийг эгээтэй л “Ард түмний топ” гэж өргөмжлөхөөс наагуур байдаг. Олон ч наадмаас сэтгэл дундуур харьсан Г.Оюунгэрэл хатагтай энэ жил гандан буурахгүйгээр дахин тайзнаа ирэх сураг байна. Басхүү өмнөх наадмаас онцолж дуулгах мэдээ гэвэл, “Гоёл-2011” гадны зочин олонтой байх төлөвтэй. Япон, Өмнөд Солонгос, ОХУ, Тайландын загвар зохион бүтээгчид өөрсдийн загвараа моделиудын хамт Монголын “Гоёл”-д сойх болсноор өмнөх жилүүдтэй харьцуулахад олон улсыг хамрах нь ээ. “Гоёл”-ыг зорин ирсэн Японы дизайнер Аyumi Sufu гэхэд л маргааш “Шилмэл загвар”-ын ордонд өөрийн “Jazzkatze” брэндийн коллекцийг дэлгэж, япон стилийг сурталчилах гэнэ.
Соёлын төв өргөө, цав цагаан тайз, гоо бүсгүйчүүдийн үзэсгэлэн, Монгол хүний гараар урласан хувцас загварын өнгө, Монгол загварын ертөнц… Шинэ оны босгон дээр яахын аргагүй сэтгэл татдаг “Гоёл” наадам дээр уулзацгаая. Уг нь тэнд л бидэнд хамгийн ойр гоо сайхан оршиж байдаг шүү дээ.

No comments:

Post a Comment